Project

Их нүүдлийн жимээр буурал түүхийн үнэнийг бэдрэхээр хүлгийн жолоо заллаа

Хэдхэн цагийн өмнө Чингисийн талбайгаас соёлын судалгаа, хамтын ажиллагааны “ТҮҮХИЙН ЖИМЭЭР” олон улсын экспедицийнхэн Халимагийн Бүгд Найрамдах улсын Элстэй хотыг зорин хөдөллөө.

“Ойрад түмэн” ТББ, МВС телевизийн санаачилгаар есдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 15-ныг хүртэл үргэлжлэх судалгааны аяллынхан ОХУ-ын Халимагийн Бүгд Найрамдах Улсын Элстэй хот-Улаанбаатар маршрутаар ажиллах юм.

Энэхүү экспедицийн зорилго нь 1604 оноос баруун монголчуудын эхлүүлсэн Оросын Ижил мөрөн хүртэлх их нүүдлийн түүхэн жимээр аялж судалгаа, баримтат кино, аян замын тэмдэглэл цуврал нэвтрүүлэг бүтээхийн зэрэгцээ ном гаргаж олон нийтэд сурталчлахад чиглэж байгаа аж.

Мөн дэлхийн монгол туургатнууд түүх соёл, ёс заншил, ахуйн соёлоо хадгалж үлдсэн байдал, буурал түүхийг үнэн зөвөөр нь тогтоох, хоорондын соёлын харилцааг цаашид улам идэвхижүүлэх, монголчуудын бахархлыг бий болгох сурталчилан таниулах, мартагдсан болон мартагдаж буй өв соёлыг хойч үедээ өвлүүлэн үлдээхэд оршино гэж зохион байгуулагчдын зүгээс онцоллоо.

Олон улсын экспедицийнхнийг ССАЖЯ-ны сайд Л.Оюунгэрэл гаргаж өгөхөөр хүрэлцэн ирсэн юм. Тэрээр “Энэхүү  экспедиц нь нэг талаараа аялал жуулчлалын арга хэмжээ мэт боловч соёлын биет бус өвийг судлах чухал ач холбогдолтой зүйл юм. Тиймээс соёлын өвийг харилцан судлах талаасаа болон аялал жуулчлалын шинэ маршрут нэмэгдэж байгаа учир манай яамны зүгээс дэмжиж байна” гэсэн юм.

Энэ аялалд гурван жийп машинаар нийт 14 хүний бүрэлдэхүүнтэй баг явах бөгөөд үүнд,

  • Халимагийн дөрвөн хоёр монгол судлаач эрдэмтэн, нэг сэтгүүлч,
  • Хятадын ШУӨЗО-оос нэг монгол судлаач эрдэмтэн, нэг сэтгүүлч,
  • Монголоос эрдэмтэн, судлаач, сэтгүүлч, кино найруулагч зураглаач зэрэг нийт есөн хүний бүрэлдэхүүнтэй баг хоёр талдаа нийт 15 мянган км замыг Монгол, Орос, Казакстан, Халимаг, Буриадын нутгаар туулах юм.

Монголоос анх удаагаа судлаач, телевиз, киноны уран бүтээлчдээс бүрдсэн олон улсын авто аяллын мэдээллийн ивээн тэтгэгчээр GoGo.mn сайт ажиллаж байгаа бөгөөд аяллын талаарх мэдээ мэдээллийг цаг тухай бүрд нь бид та бүхэнд хүргэх болно.

Ийнхүү хэдэн зууны тэртээ морь тэмээгээр нүүсэн монголчуудын их нүүдлийн жимээр буурал түүхийн үнэнийг бэдрэхээр явж буй “Түүхийн жимээр” олон улсын судалгааны авто аяллын багийнхандаа амжилт хүсье.

Leave a Reply